Энэхүү төслийн зорилго нь мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд хүргэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чанарыг сайжруулах замаар өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэдээлэл технологийн (IT) мэргэжилтэн бэлтгэн, мэдээлэл технологийн салбарын туршлага, боломжуудыг ашиглаж эдийн засгийн томоохон салбар болгон өргөжүүлэх юм.Хүлээгдэж буй үр дүн:
· 1. Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.
· 2. Бүрэн дунд сургууль болон ИХД, МСҮТ зэргийн сургалтын хөтөлбөр сайжирч, программист бэлтгэх хөтөлбөр зэрэг нь олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ.
· 3. Багш нарын мэргэжил болон заах арга зүй сайжирч сургалтын чанар дээшлэн сургалтын материаллаг бааз бүрдэнэ.
· 4. Мэдээлэл технологийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэснээр Монголын мэдээллийн технологийн салбарт төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад өргөн цар хүрээтэй салбарууд үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломж нээгдэнэ.
Хамрах хүрээ
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 285 ЕБС, 54 МСҮТ, Улсын 5 их сургууль, 15 программын курс, төслийг дэмжигч хувийн хэвшлүүдийг хамарна.
Тулгамдаж буй асуудлууд
Хүний нөөцийн дутагдал:
Бүх төрлийн байгууллага аж ахуй нэгжүүдэд мэдээлэл технологи, программ хангамжийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа энэ үед Монгол улсын бэлтгэн гаргаж буй мэргэжилтний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй, Монгол улсын хэмжээнд мэдээлэл технологийн мэргэжилтний хомсдолд ороод байна.
Нийгмийн сэтгэл зүй:
21-р зуун гарснаар инноваци, технологийн хөгжил нь бүх төрлийн ажил, мэргэжилд компьютерийн хэрэглээ, программ хангамжийн ашиглалт нэмэгдүүлж байна. Гэтэл бид дэлхийн жишгээс хоцорч, технологитой харилцах, мэдээлэл технологийн ашиглалтыг төдийлөн хүлээн авахгүй, зарим талаар эсэргүүцэх хандлагатай байна.
Орчин нөхцөл:
Нийслэлийн хэмжээн сургуулийн сургалтын орчин, нөхцөл харилцан адилгүй байна. Нэгдсэн сургалтын хөтөлбөр, агуулга, ашиглалт муу тул өдөр ирэх тусам хөгжлөөс хоцрох хандлагатай байна.
Олон улсын жишээ
Япон улсын хувьд 2020 оноос ерөнхий боловсролын сургалтаа технологид суурилсан байдлаар өөрчлөн шинэчилж, 6 наснаас эхлэн ямар нэгэн байдлаар мэдээлэл технологийг ашиглах, технологитой ажиллах зарчимд суурилан өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна.
Мэдээлэл технологийн хамгийн том аутсорсинг улс болох Энэтхэг нь 1970 оноос хойш энэ салбарт онцгой анхаарч, өөрсдийн мэргэжилтнүүдээ системтэйгээр үе шаттай бэлдэж ирснээр хүн амын өсөлт ихтэй, ядуурлын түвшин харьцангуй өндөр тус улсыг мэдээлэл технологийн манлай улс болоход нөлөөлсөн байна.
Мөн Ирланд улс Бүрэн дунд шатны гэрчилгээний сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг 1992 оноос хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлийг хамгийн сайн ашигласан байна. Ирланд улсын мэдээллийн төвүүд нь тухайн улсын эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, орлогын нэмэлт үүсгэвэрт нөлөөлж үр өгөөж өгдөг ба 2010 оноос хойш улсын эдийн засагт 7.13 тэрбум еврогийн технологийн экспортын үйлдвэрлэл, ашиг тусыг нэмэгдүүлсээр байна.
Одоогийн байдлаар Ирланд улсад:
· - Дэлхийн хамгийн том 5 программ хангамжийн компани;
· - Эрүүл мэндийн технологийн шилдэг 15 компанийн 14;
· - Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч шилдэг 25 компанийн 20;
· - Эмийн үйлдвэрлэлийн ТОП 10 компани;
· - Автоматжуулалтын шилдэг 10 компанийн 8 нь үйл ажиллагаагаа явуулдаг.
АНУ-н ТОП10 технологийн компанийн 9 нь хөрөнгө оруулалт хийн, үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Өмнө хэрэгжиж байсан ажлын тайлан
Энэ чиглэлийн өргөн хүрээний төсөл, хөтөлбөр өмнө нь Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаагүй.
Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд Нийслэл хотын хэмжээнд программ хангамжийн чиглэлээр гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй 5 ерөнхий боловсролын сургууль /Олонлог Экзэ, Нэст ахлах сургууль, Сант академи, Амжилт кибер сургууль, Оюуны төв бүрэн дунд сургууль/ үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Хэрэглээ болон хэрэглэгчдийн тандалт судалгаа
Монгол Улсад:
· • Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 4,508,000
· • Ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 3,547,209
· • Улс хоорондын интернет багтаамж 178,12 Gbps
· • Интернет хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 4,068,400
Олон улсын мэдээлэл технологийн холбооны гишүүн 154 орны дунд хийгдсэн судалгаагаар Монгол Улс дэлхийд сүлжээний бэлэн байдлын индексээрээ 89, Мэдээлэл харилцаа, холбооны хөгжлийн индексээрээ 91, өрсөлдөх чадварын индексээрээ 101, цахим засгийн хөгжлийн индексээрээ 92 дугаар байрт явж байна.
Дэд бүтцийн одоогийн байдал
Мэдээлэл технологийн дэд бүтэц
Монгол услын бүх сум, суурин үүрэн болон суурин холбоо, интернэтийн үйлчилгээнд хамрагдсан бөгөөд нийт 43 мянган км шилэн кабелийн сүлжээг байгуулсан байна.
· - Нийслэлийн нутаг дэвсгэрт 4192 км шилэн кабелийн сүлжээг байгуулсан.
· - Улаанбаатар хотын хэмжээнд тогтмол гэрээт интернетийн үйлчилгээ авдаг 322 мянган өрх, 22 мянган байгууллага байна.
· - Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 285 ерөнхий боловсролын сургуулиудын 93,4 нь компьютерийн лаборатори болон интернетийн сүлжээнд холбогдсон байна. /285 сургуульд улсын болон хувийн сургуулиуд орсон болно/
Мөн Монгол улсын Боловсролын яамнаас 2024 оноос ерөнхий боловсролын “ЦӨМ” хөтөлбөрийг шинэчлэхээр төлөвлөн судалгааг эхлүүлээд байна. Энэхүү шинэчлэлтэд мэдээлэл технологийн ашиглалт, хэрэглээ, судалгаа, сургалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Шийдэл
Монгол улсын Засгийн газрын зүгээс “Цахим засаглал”, “Дижитал шилжилт”-ийг эхлүүлж, Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү арга хэмжээг нийслэлийн хэмжээнд манлайлан оролцож улмаар Улаанбаатар хотын ажилгүйдлийг бууруулж, иргэдийг орлоготой болгож чадах хамгийн ойрын эдийн засгийн салбар бол МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ-ийн салбар юм.
Тиймээс нийслэлийн зүгээс энэхүү төслийг дэмжиж, шат дараатай хэрэгжүүлнэ.